Гаалийн бүрдүүлэлт

Гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.

Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай явагдана:
        1.      Мэдүүлэх,
        2.      Гаалийн бичиг баримтыг шалгах,
        3.      Бараа, тээврийн хэрэгслийг шалгах,
        4.      Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах,
        5.      Эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх.

“Мэдүүлэх” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаархи шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу бичиж, холбогдох бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгөхийг ойлгоно.

Бараа мэдүүлэх хэлбэр:
        1.       Бичгээр;
        2.       Мэдээллийн сүлжээгээр;
        3.       Зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар;
        4.       Зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БУСАД ТӨРӨЛ:

Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт:
    Дараахь бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийнэ.
        ·         Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа; 
        ·         цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис; 
        ·         мал, амьтан; 
        ·         улс хоорондын шуудангийн илгээмж; 
        ·         сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал; 
        ·         амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа; 
        ·         донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн; 
        ·         хуульд заасан бусад бараа.
 
Барааг урьдчилан мэдүүлэх:
    Илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан гадаадын барааг Монгол Улсын хилээр оруулахаас өмнө, эсхүл хилийн гаалийн байгууллагын хяналтаас гүний гаалийн байгууллагын хяналтад орохоос өмнө тус тус урьдчилан мэдүүлж болно. Барааны дагалдах бичиг баримтын хуулбарыг гаалийн байгууллага гаргуулан авах бөгөөд бараа ирсний дараа бичиг баримтын эх хувийг хуулбартай нь тулган шалгана.
 
Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт:
     Гаалийн тухай хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.
        ·       барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах; 
        ·       барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах;
 
Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх:
    Мэдүүлэгч(захиалагч)-ийн гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй гадаадын дипломат төлөөлөгчийн газар   болон түүнтэй адилтгах бусад байгууллагын   бараа,   тэнд   ажиллагсдын   хувийн   ачаа тээшинд   хийх   гаалийн хяналт, бүрдүүлэлтийг захиалагчийн хүссэн газарт захиалагчийн зардлаар нь хийж болно.

ГАДААД БҮРДҮҮЛЭЛТЭД ШААРДЛАГАТАЙ ГАДААД ХУДАЛДААНЫ БИЧИГ БАРИМТ:
    Олон улсын худалдааны бичиг баримтыг гүйцэтгэх үүргээс нь хамаарч дараахь бүлгүүдэд хуваадаг. 
 
Авто тээврийн хэрэгслээр:
        ·       авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ; 
        ·       ачаа тээвэрлэлтийн бичиг баримт; 
        ·       худалдааны бичиг баримт;  /Гадаад худалдааны гэрээ, төлбөрийн баримт, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, даатгалын бичиг баримт, техникийн бичиг баримт болон бусад барааг тодорхойлсон шаардлагатай бичиг баримтууд/
 
Агаарын тээврийн хэрэгслээр:
        ·       тээврийн хэрэгслийн гэрчилгээ; 
        ·       ерөнхий мэдүүлэг; 
        ·       зорчигчийн нэрсийн жагсаалт; 
        ·       ачааны жагсаалт /карго манифест/; 
        ·       ачаа тээвэрлэлтийн бичиг баримт; 
        ·       аяллын хугацаанд хэрэглэх зорчигчийн хүнс, хэрэгслийн жагсаалт; 
        ·       худалдааны бичиг баримт;
 
Төмөр замаар:
        ·       дамжуулах хуудас;
        ·       вагон хуудас; 
        ·       тээврийн бичиг баримт; 
        ·       худалдааны бичиг баримт;

ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА НИЙЛҮҮЛЭХ СУУРЬ НӨХЦӨЛ: /INCOTERMS/

    Гадаад худалдаанд худалдах, худалдан авах гэрээ байгуулахад талуудын сонгосон ИНКОТЕРМС-ийн бараа нийлүүлэх суурь нөхцлөөс хамаарч зардал, эрсдлийг хариуцах тал тогтоогдох бөгөөд энэ нь барааны үнэ бүрдэлтэнд шууд нөлөөлнө. Иймээс гэрээ байгуулах, хэрэгжүүлэх явцад гарч болох үл ойлголцол, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний алдагдлаас сэргийлэхийн тулд олон улсын худалдааны үйл ажиллагаанд өргөн хэрэглэгддэг, нийтээр хүлээн зөвшөөрч ИНКОТЕРМС-ийн худалдааны нэр томъёог зөв ойлгож хэрэглэх шаардлагатай юм.   ИНКОТЕРМС-ийг олон улсын худалдааны нэр томъёо гэж ойлгоно.

 

Инкотермс 2000


E бүлэг "Ачилт" (Departure)
E бүлгийн онцлог: Худалдагч өөрийн байр (үйлдвэр, агуулах)-аас худалдан авагчид бараа нийлүүлнэ.
 incoterms1

 

F бүлэг "Тээврийн гол зардал төлөгдөөгүй" (Main Carriage unpaid)
F бүлгийн онцлог: Бараа тээвэрлэх олон улсын тээврийн гэрээг худалдан авагч байгуулна. Худалдагч худалдан авагчийн заасан тээвэрлэгчид барааг хүлээлгэж өгнө.
incoterms2

 

C бүлэг "Тээврийн гол зардал төлөгдсөн" (Main Carriage paid)
C бүлгийн онцлог: Барааны тээврийн гэрээг худалдагч хийх бөгөөд тээвэрлэлтийн үед гарах эрсдлийг худалдан авагч хариуцна.
 incoterms3

 

D бүлэг "Ирэх" (Arrival)
D бүлгийн онцлог: Барааны тээврийн гэрээг худалдагч байгуулж импортлогчийн оронд (DAF-аас бусад) барааг нийлүүлнэ. Тээврийн зардал гэрээний үнэд багтана.
incoterms4

 

Бараа нийлүүлэх нөхцөл 2010incoterms2010 mn