Зам, тээврийн яам нь “Оросын төмөр замууд” НХН-тэй 2014 оны 2 дугаар сараас эхлэн хэлэлцээ хийж, “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-ийн төслийг бэлтгэн, 2014 оны 9 дүгээр сард баталгаажуулсан.
Хэлэлцээрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын сүлжээг анх удаа эдийн засгийн үндэслэлтэй үндсэн 4 чиглэлээр өргөжүүлэн, хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг үлэмж нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулах төсөл, арга хэмжээнүүдийг тохиролцож чадсан юм.
“Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан монгол, оросын хоёр талын ажлын хэсгийн анхны хамтарсан хурал 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн Ажлын хэсгүүдийн хамтарсан хурлаар “Улаанбаатар төмөр замыг 2015-2016 онуудад шинэчлэх болон хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэлэлцэн, баталж, дараагийн хуралдааны товыг тохиролцсон юм.
Монголын талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ ахлаж, бүрэлдэхүүнд Зам, тээврийн сайдын зөвлөх Л.Хангай, Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын холбогдох мэргэжилтнүүд, “УБТЗ” ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч дарга, Замын ерөнхий инженер, Тээвэр, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга болон бусад мэргэжлийн хүмүүс ажиллалаа.
Оросын талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг “РЖД” НХН-ийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий Хорооны гишүүн, В.Н.Морозов ахлан, бүрэлдэхүүнд “РЖД” НХН-ийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга С.А.Столяров, “Тээврийн эдийн засаг, хөгжлийн хүрээлэн” НХН-ийн Ерөнхий захирлын орлогч Ю.В.Чепуркин нар ажилласан юм.