Автотээврийн хэлэлцээр байгуулсан анхны хөрш орон гэдгийг арга хэмжээний үеэр онцолж байв. Үүнээс хойш 20 гаруй жилийн хугацаанд БНХАУ нь 15 оронтой олон улсын автотээврийн хэлэлцээр байгуулсан бөгөөд 7,1 сая зорчигч, 37,4 тонн ачаа тээвэрлэснээс Монгол Улс нийт зорчигч тээврийн 31, ачаа тээврийн 60,2 хувийг эзлэж байгаа аж.
ОХУ-ын Тээврийн яамны Төрийн бодлогын газрын дарга Бакерей Алексей Сергеевич энэхүү үйл ажиллагаа нь гурван улсын худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах чухал ач холбогдолтой талаар дурдаад цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Зам дагуух сум орон нутгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой Монгол болон гуравдагч орнуудын хооронд TИP конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэгээр нөлөөлөх, Ази Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн зам дагуух сум орон нутгийн хөгжилд дэмжлэг болж замын арчлалт хамгаалалт, тэмдэг тэмдэглэгээний чанар нэмэгдэх давуу талтай.
Туршилтын тээврийн үеэр газар орон, замын нөхцөл байдал, үйлчилгээний газар, автомашины засвар, бензин шатахуун түгээх газрын байршил зэргийг нэг бүрчлэн тогтоох тул Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын авто тээврийн салбарын холбогдох шатны албан тушаалтнууд, Замын цагдаагийн газар, эмнэлгийн анхан шатны тусламж, авто машинд засвар үйлчилгээ үзүүлэх баг зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Транзит тээврийн үед хил, гаалиар нэвтрэхэд хөнгөн шуурхай ажиллагаа шаардлагатай бөгөөд Монгол, ОХУ олон улсын Тээврийн конвенцод нэгдсэн бөгөөд энэхүү Тээврийн конвенцид нэгдсэнээр тухайн улс, орон өөрийн хил, гаалиараа түргэн шуурхай нэвтрүүлэх үүрэг хүлээдэг билээ. БНХАУ-ын хувьд энэхүү баримт бичигт нэгдэхээр хүлээгдэж байгаа юм. Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр, хоёр дахин урт замыг 2-3 дахин их хугацаанд тээвэрлэдэг. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол замнал байдгаас хамгийн дөт нь Монгол улсаар дайран өнгөрдөг тул эдийн засгийн хэмнэлт бүхий тээвэрлэлт бөгөөд өнөөдрийн байдлаар Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр 45 хоногийн хугацаанд тээвэрлэдэг.
Харин Ази, Европ хооронд төмөр замаар ачаа тээвэрлэхэд 10 хоногийн хугацаа зарцуулагддаг бөгөөд авто замаар тээвэрлэлт хийхэд 7 өдрийн дотор туулах бүрэн боломжтой юм. Зүүн Ази-Европыг холбосон тээврийг хөгжүүлснээр зөвхөн БНХАУ-д экспортлохоос гадна Солонгос, ОХУ, Казахстан улсад ч нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм.