Улирлын чанартай тээвэрлэлт

Тухайн жилийн эдийн засгийн таатай, таагүй ямар ч нөхцөл байдлаас үл хамаараад Монголчууд бид жил бүр шинэ жил, цагаан сар, хичээлийн шинэ жил, хонхны баяр, наадам зэрэг баяруудыг тогтмол тэмдэглэж байдаг.

Аливаа чухал тэмдэглэлт баяр болно гэдэг нь эрэлт өснө гэсэн үг юм. Тээвэрлэлтийн хамгийн оргил үе нь тээвэрлэлтийн  үйл явцтай холбоотой гэхээс илүүтэйгээр барааны эрэлт, нийлүүлэлттэй нягт холбоотой. Товчхондоо, тээврийн зах зээлийн үйл явц нь барааны эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлүүдээс шууд хамаарч байдаг.


Тэгвэл эрэлт хэзээ өсдөг вэ?

Манай орны онцлогоос хамаарч тээвэрлэлттэй холбоотойгоор үндсэн 2 төрлийн эрэлт байдаг гэж үзье.

Нэгт. Цагаан сар, шинэ жил, наадам мөн хичээлийн шинэ жил гэх зэрэг томоохон тэмдэглэлт үйл явдал, баяр ёслолын өмнө эрэлт өсдөг.

Хоёрт. Манай орны эрс тэс цаг агаарын онцлогтой холбоотойгоор жилийн дөрвөн улирал солигдоход эрэлт өсөж байдаг. Гэхдээ энэ эрэлт нь их өргөн хүрээнд явагддаг. Тухайлбал, бидэнд дөрвөн улирал тус бүр гутал, хувцсаа солих хэрэгцээ шаардлага байдаг бол энэ хэрэгцээ нь бидний унадаг машинд ч мөн ижил эрэлтийг үүсгэж байдаг. Цаашлаад бидний амьдардаг орон сууцны засвар, барилгын ажлууд нь дулааны улирлуудад түлхүү хийгддэг. Товчхондоо, жилийн дөрвөн улирал нь бүх салбарын эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлдөг байна.

Гэвч эрэлттэй холбоотой тээврийн салбарын үйл ажиллагаа нь хугацааны хувьд дандаа эрт явагддаг. Жишээлбэл Шинэ жилээр худалдаалагдах бараа бүтээгдэхүүний татан авалт 10 дугаар сараас эхэлдэг, цагаан сараар худалдаалагдах бараа 1 дүгээр сарын эхээр, эсвэл барааны онцлогоос хамаараад бүр эрт 11 дүгээр сард хийгдэх нь ч бий, хичээлийн шинэ жилээр худалдаалагдах барааны татан авалт Наадмын дараа эхэлдэг. Харин зуны улиралд худалдаалагдах барааны татан авалт өмнөх улиралд нь буюу хавар хийгдэх жишээтэй.

Бас нэгэн чухал ойлголт бол Хятадын цагаан сарын үеийн урт хугацааны амралт юм. Цагаан сарын үеэр Хятадын хил ойролцоогоор 3 хоног хаадаг ч үйлдвэрийн газрууд 7-15 хоног буюу их урт хугацаанд амардаг. 7-15 хоногийн баярын амралтаас гадна цагаан сарын өмнө болон дараа ачаалал ихсэж ажиллах хүч дутагдсанаас үүдэн үйлдвэрлэлийн үйл явц удааширдаг байна. Хятад нь Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс гэдэг утгаараа олон хоног үйлдвэрлэл зогсох нь зөвхөн Монголын төдийгүй Дэлхий нийтийн эдийн засагт нөлөө үзүүлдэг байна.

Тээврийн салбарт эрэлтийн улирлуудтай холбоотойгоор татан авалтын төлөвлөгөөг маш сайн зохион байгуулах шаардлагатай байдаг. Төлөвлөгөө муугаас үүдэж олон бизнес эрхлэгчид төлөвлөөгүй зардал, алдагдалд орох нь түгээмэл байдаг.  

Төлөвлөгөө хамгийн чухал

Улс хооронд бизнесээ өргөжүүлэх нь бизнес болоод зах зээлийн хөгжилд чухал ач холбогдолтой ч улс хоорондын тээврийг алдагдал, эрсдэлгүй хийхэд төлөвлөгөө маш чухал. Худалдааны менежерүүд болоод брэнд менежерүүд бараа захиалгаа эрт хийсэн ч татан авалтын хугацаагаа нарийн тооцож төлөвлөх тал дээр алдаа гаргах хандлага түгээмэл байдаг. Жишээлбэл, зуны улиралд худалдаалагдах бараа хаврын сүүл, зуны эхэн сар гэхэд лангуун дээр бэлэн байх ёстой атал, зуны сүүл сартай зэрэгцэн та бараагаа хүлээн авбал таны бизнес маш их алдагдал хүлээнэ.

Мөн чухал тэмдэглэлт баяруудын үеэр Хятад – Монголын хилийг 1-ээс 3 хоногийн туршид хааж амрах тухай хуваарийг жил бүр Хятадын болоод Монголын засгийн газраас гаргадаг. Улсын баяр наадмыг тохиолдуулж 5 өдөр хил хаадаг нь нилээдгүй урт хугацаа юм. Төлөвлөгөөгүйгээр захиалсан таны бараа хил дээр ирээд, хил онгойтол 5-7 хоног хүлээн алдагдал хүлээхгүй байхыг хүсвэл та улирлын чанартай баяр, үйл явдлуудын талаарх хангалттай мэдээлэлтэй байх ёстой бөгөөд бараа захиалгын болоод тээврийн хуваарийн нарийвчилсан төлөвлөгөө гарган мөрдөж явах нь таны бизнесийг маш олон хүлээгдээгүй зардал, алдагдлаас аврах болно. 

Жишээ нь: 2019 оны Монгол-Хятадын хил хаах хуваарийн дагуу Үндэсний Их Баяр Наадмаар хил 5 хоног хаах хуваарь гарсан. Тухайн хугацаанд та тээвэр хийж байгаа бол таны ачаа хил хаахаас дор хаяж 10 хоногийн өмнө хилийн боомтод очсон байх ёстой. Харин таны тээврийн захиалга хоёр долоо хоногийн өмнө хийгдсэн байх ёстой. Учир нь хил хаахаас өмнө амжиж тээвэрлэх барааны захиалга хязгаартай бөгөөд захиалга хурдан дуусдаг байна. Хэрэв та захиалгаа тулгаж өгвөл та бараагаа Наадмын дараа авах магадлал өндөрсөнө гэсэн үг юм.

Тээврийн төрлөө зөв сонгох

Зуны эд халууны үед түргэн муудах эрсдэлтэй жимс хүнсний ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүн, гоо сайхны бараа, эм эмийн бүтээгдэхүүн зэргийг тээвэрлэхдээ хөргүүртэй тээврийг сонгох нь зүйтэй. Цаашлаад таны ачаа тээвэр хил гааль дээр олон хоног хүлээх эрсдэлтэй нөхцөлд температураа тухайн хүлээлтийн хугацаанд барьдаг байх нь мөн чухал юм.

Эсвэл хангалттай сайн төлөвлөгөө гаргаагүйн улмаас баярын үеэр хил гаалийн эд ачаалалтай үед таны бараа хугацаандаа амжиж хилээр орж чадахгүй байх магадлалтай үед агаарын тээврийг сонгох нь тодорхой хэмжээгээр илүү үнэ төлөх ч таны бизнесийг учрах олон эрсдэлээс аврах болно. Бараа яг цагтаа хүргэгдэх нь таны бизнесийн нэр хүнд, хэрэглэгчдийн итгэл, бизнесийн ирээдүйг тодорхойлдог тул та зөв цагт зөв шийдвэрийг хурдан гаргадаг байгаарай. Тээврийн салбарт хэрхэн оновчтой бөгөөд хурдан шийдвэр гаргах талаарх Мэргэжлийн Логистик менежерүүдээс үнэгүй зөвлөгөө аваарай.

Тээврээ салга

Та бараагаа бага багаар ойрхон хугацаанд татан авалт хийснээр тээврийн зардал бага зэрэг өсөж магадгүй ч нөгөө талдаа олон давуу талтай байдаг. Барааг их хэмжээгээр татан авалт хийснээр тухайн барааг борлуулж дуустал урт хугацаа шаардлагатай болдог ба тухайн хугацаанд агуулахын зардал ихээр гарна, удаан хугацааны хадгалалтын явцад барааны чанар муудаж алдагдал хүлээх, мөн мөнгө түгжиж бизнесийн эргэлт удаашрах эрсдэлтэй байдаг. Та түүвэр чингэлгийг сонгон бараагаа бага багаар татан авалт хийснээр хэрэглэгчдийнхээ гарт барааг шинэхэнээр нь хүргүүлэх, цаашлаад та бизнесийнхээ эргэлтийг хурдасгах зэрэг олон давуу талтай.  

Олон хоногоор хил гааль хаахийн өмнө бизнес эрхлэгчид нөөцөө бэлдэж авахын тулд маш их хэмжээгээр бараа тээвэрлэлт хийх хандлагатай байдаг.

Хэрэв та хил хаахын өмнө хэт их хэмжээний ачаа тээвэрлүүлэхээр захиалга өгсөн бол хил гаалийн хэт их ачааллаас үүдэн таны аль нэг тээврийг баяр дуусч хил онгойсны дараах 1 долоо хоногийн дараа хүргүүлэх саналыг тавьж магадгүй юм. Эс бөгөөс та тал бараагаа ч баярын өмнө хүлээн авж чадахгүйд хүрч болзошгүй юм. Гэвч баярын дараах тээврийг хурдан хугацаанд хүлээж авахын тулд тээвэр, чингэлэг, гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүхий л бэлтгэлийг урьдчилан бэлдсэн байхыг зөвлөдөг.

Оргил үеүдэд зардал өсдөг

Хүн бүр л өөрийн ачаагаа баяраас өмнө амжиж хилээр гаргахыг хичээх нь гаалиар гарах үйл явцыг удаашруулна. Жишээлбэл, Хятадын цагаан сарын үеэр Хятадын гаалийн ажилчдын тал орчим хувь нь л ажиллах бөгөөд тэр нь мөн гаалийн үйл явцыг удаашруулах шалтгаан ч болох нь бий.

Хил гаалийн ачаалал ихсэж, үйл явц удаашран хүлээлт үүсгэх нь тээвэрлэгч хэн бүхний хувьд маш их төлөвлөөгүй зардлыг бий болгодог. Олон бизнес эрхлэгчид сайн төлөвлөөгүйгээс үүдэн цаг тулсан татан авалт хийж хугацаандаа амжихгүй нөхцөл байдалд ордог. Тэр бүрийд тээврийн төрлөө сольж агаараар тээвэрлэх мэт шийдлүүд олдох ч зардал дагаад маш ихээр өсдөг. Гарсан зардал бүхэн барааны өртөгт шингэж, үнэтэй бараа борлогдохгүй байх эсвэл та алдагдал хүлээж хоцрох гэх мэт бизнесийн оршин тогтнолд нөлөөлөхүйц зардал гардаг юм шүү. Татан авалтыг эрт төлөвлөх тусмаа та хямд өртөг, бага зардлаар бараагаа тээвэрлэх болно.

 

Шинэ жил, цагаан сар, хичээлийн шинэ жил, хонхны баяр, наадам зэрэг үйл явдлууд нь жил бүр тогтмол болдог гэдгийг ихэнх бизнес эрхлэгчид мэддэг хирнээ алдааг давтсаар байдаг. Тиймээс ямар улирал, ямар тэмдэглэлт баяр, үйл явдалд  зориулж тээвэрлэлтийн ямар төлөвлөгөө гаргаж болох талаарх мэргэжлийн зөвлөгөөг Логистик Менежерүүдээс авахыг хүсвэл та ЭНД дарж холбогдоорой. 

Харин хамгийн олон жилийн туршлагатай тээвэр зуучын MNLine компаний үйлчилгээний төрөл болоод үнийн саналыг авах хүсэлтээ ЭНД дарж илгээгээрэй.